Хан-Уул дүүрэг шинээр баригдсан цэцэрлэг сургуулийнхаа тоогоор тэргүүлж байна

Хамаарах огноо: 2016-09-01 00:00

2015-2016 оны байдлаар Хан-Уул дүүрэгт 9 сургууль, 14 цэцэрлэг шинээр ашиглалтад оржээ.  Өнгөрсөн жилүүдэд цэцэрлэг, сургуулийн бүтээн байгуулалт, шинэчлэл, засварын ажил хамгийн эрчимтэй хийгдсэн дүүргийн тоонд Хан-Уул дүүрэг орсон байна. 2017 оны хичээлийн шинэ жилд л гэхэд дахин төрийн өмчийн нэг цэцэрлэг, төрийн бус өмчийн 10 цэцэрлэг, нэг бага сургууль цэцэрлэгийн цогцолбор шинээр ашиглалтад орж сурагчдаа хүлээн авчээ. Хичээлийн шинэ жилийг угтан тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр Хан-Уул дүүргийн 118-р сургууль, 209-р цэцэрлэг, 73-р цэцэрлэг, 60-р сургууль, 41-р сургууль, 189-р цэцэрлэг, 34-р сургуулиудын нээлтэд тус тус оролцлоо.

60-р сургуулийн нээлтийн үеэр тус сургуулийн удирдлагууд өнгөрсөн жилүүдэд багш, сурагчдынхаа гаргасан амжилтыг хуваалцахын дээр С.Лувсанвандан сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Миний ном” театр урлагийн наадамд тэргүүлэн утга зохиол, гоо зүйн танхимаа тохижуулах 6 сая төгрөгийн эзэд болсноо хуваалцаж амжилтаа сурагчид, багш, эцэг эхчүүдийнхээ оролцоотойгоор ахиулсаар байх болно гэдгээ илэрхийлж байсан юм. Энэ үеэр Л.Болд гишүүн “Миний ном” театр, урлагийн наадамд оролцож оюун ухаанаа тэлж, авъяас чадвараа хөгжүүлэн оролцдог дүүргийн нийт сурагчиддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүслээ. Мөн тэрээр боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлуудыг цаашид өргөжүүлэн нэмэгдүүлэхэд анхаарч Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг хөтөлбөр дээр хамтран ажиллах болно гэдгээ хэллээ.

2015-2016 оны байдлаар Хан-Уул дүүрэгт төрийн өмчит 3 сургууль, төрийн бус өмчийн 6 сургууль шинээр баригдсан бол төрийн өмчит 3 цэцэрлэг, төрийн бус өмчийн 11 цэцэрлэг тус тус баригдсан нь бусад дүүрэгтэй харьцуулахад боловсролын салбартаа хамгийн өндөр хөрөнгө оруулалт хийсэн дүүрэг болоод байгаа юм. Цэцэрлэг, сургууль нэмэгдэхийн хэрээр сургууль завсардалт, цэцэрлэгийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байх тохиолдлууд багассан байна. Тухайлбал цэцэрлэг хамрагдалт 2015 онд Хан-Уул дүүрэгт 78.9 хувь байсан бол 2016 онд 81.6 хувь болон нэмэгдсэн дүн мэдээтэйгээр 9-р сарын 1-ний өдрийг угтаж байна.


Үүсгэсэн: 2016-09-22 22:51
Мэдээллийг ачааллаж байна ..