Л.Болд: Эрх баригч нарт САРАН дээр байгаа мэт шийдвэр гаргах бололцоо байхгүй

Хамаарах огноо: 2016-09-05 00:00

"Монголд хөрөнгө оруулах нь" -2016 чуулган болж байна. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Л.Болд  "АСЕМ-ийн хөрөнгө оруулагчдын ач холбогдол" сэдвээр илтгэл тавьсан юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

  -АСЕМ-ийн хөрөнгө оруулагчдын ач холбогдол" сэдвээр та  илтгэл тавилаа. Гадны хөрөнгө оруулагчдад юуг илүүтэй хүргэхийг зорив?

-АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Монголын гадаад  бодлогын том ололт байсан.  Үүгээрээ Монгол улс дэлхийн газрын зураг дээр өөрийн байр сууриа баттай эзэлж буй гэрчилгээ юм. Мөн Ази, Европыг холбох зайлшгүй том цэг нь Монгол улс юм гэдгийг дэлхий нийтэд ойлгуулж чадсан томоохон арга хэмжээ болсон. Хэдийгээр Монгол улсын талаар хямралтай байна, эдийн засгийн уналтад орсон  зэрэг олон таагүй мэдээлэл хөрөнгө оруулагчдын дунд явж байна. Гэвч энэ удаагийн чуулганд маш олон гадны төлөөлөгчид оролцож байна. Үүнийг АСЕМ-ын нөлөө гэж харж байна. Монголын нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгийг гадны төлөөлөгчдөд дахин нотлох нь өнөөдөр хамгийн чухал. Бидэнд уул уурхайн үнийн өсөлт, бууралт гэдгээс илүүтэй  эдийн засгаа солонгоруулах олон талын бололцоонууд байна. Үүнийгээ бид нээж өгөх хэрэгтэй. Энэ нь өнөөдөр Монголын ирээдүйг тодорхойлох хүчин зүйл болоод байгаа юм.

-Хөрөнгө оруулагчид эдийн засгийн бодит байдал болон төсөөллийн зөрүүтэй байдлын талаар ярилаа. Үүнтэй та санал нийлж байна уу?

-Монголд өөрийн зах зээлийг бие даан хөгжлийн замаа тодорхойлох боломж байдаггүй. Дандаа гадны хүчин зүйлстэй холбогддог. Тэр тусмаа Хятадын зах зээлийн өсөлт бууралттай холбогдуулаад Монголын цаашдын хувь заяа холбогддог. Тиймээс бид гадны хөрөнгө оруулагчдад эдийн засгийн бололцоотой гэдгээ ойлгуулах  нь хамгийн чухал юм. Уул уурхай дагасан хөрөнгө оруулалт ихэнхдээ байдаг бол одоо илүүтэй төрөлжиж бусад салбарууд руугаа орох нь эерэг үр дүнг авчирна гэж үзэж байна.

Эрх баригч нам эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар удаа дараа мэдэгдэл хийсэн нь цаашлаад хөрөнгө оруулагчдын сонорт хүртэл хүрлээ. Төсвийн зарлагаа нөхөхийн тулд төсвийн тодотголд татвар нэмэх талаар хэд хэдэн асуудлыг  тусгалаа. Энэ тухайд?

-Эрх баригчдын ганц харамсалтай  зүйл нь эдийн засгаа буруу оношлоод байна. Буруу оношилсон юм чинь мөн л буруу эмчилгээ ярина. Татвар нэмэх нэрийдлээр  ард түмний халаас руу гараа дүрж байгаа нь  эдийн засгийг аврах өнөөгийн оновчтой  шийдвэр л лав биш. Энэ бол улстөржсөн, богино зайны арга. Монгол бол ардчилсан улс. Эх баригч нам дотор эрүүл сэтгэдэг хүмүүс мэдээж бий. Ард түмэн, бизнес эрхлэгчид энэ бүхнийг харж байгаа учир саран дээр байгаа мэт шийдвэр гаргах бололцоо эрх баригч нарт байхгүй. Хөрөнгө оруулагч нар хүртэл үүнийг хараад гайхаж байна.

"Монголд хөрөнгө оруулах нь -2016" чуулганаас гарах үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Монголын талаарх АСЕМ-аар бүрдүүлсэн улс төр, гадаад бодлогын том эерэг ойлголтыг  эдийн засагт бий болгох улмаар Монгол улсад эдийн засгийн  хүчин  чадал, боломж бололцоо байна аа гэдгийг хөрөнгө оруулагчдад ойлгуулах  явдал  юм. 

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn


Үүсгэсэн: 2016-09-22 22:54
Мэдээллийг ачааллаж байна ..