Л.Болд: Эрх баригчид хуульд заасанчлан иргэдийнхээ өмнө үүрэг хүлээж ажиллах ёстой

Хамаарах огноо: 2016-09-07 00:00

УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

-МАН-ын гишүүд олонхиороо Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж байх шиг байна. Ерөнхийлөгч хориг тавилаа.Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хэлэлцэх ёстой ч өнөөгийн нөхцөл байдалд МАН-ын гишүүд ногоон гэрлээр зүтгүүлэх шинжтэй байна?

-Ардын намын гишүүд дунд Эрүү, Зөрчлийн хуулийг юу ч биш болгож байгаа явдалд эсэргүүцсэн гишүүд уг нь бий. Хуулинд зааснаар 26 гишүүн дэмжвэл хоригийг хүлээж аваад явдаг. Хууль бус, Үндсэн хууль зөрчсөн алхмыг дэмжиж намынхаа нэр хүндийг хойш нь татахыг хүсэхгүй олон гишүүн байгаа гэж найдаж байна. Олон жил төрийн эрх барьсан тулхтай, туршлагатай нам байж олон түмнийг хүүхэд хуурч байгаа юм шиг хандаж, том алдаа гаргаж байна л даа.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан тохиолдолд хуулиудаа ёсчлоод хэрэгжүүлээд явж болох уу?

-Хоригоо хүлээгээд авчих юм бол таван хуулиа ёсчилно. Ёсчлох явцдаа өөрчлөлт оруулах асуудлаа шийднэ. Хугацааг нь зааж өгөөд, өөрчлөх юм байвал өөрчлөөд ном ёсоор нь хэрэгжүүлээд явах л ёстой. Ерөөсөө энэ боломжийг яаж хуулийн хүрээнд зөв ашиглах вэ гэдэг нь МАН-ын гишүүдээс л шалтгаална.

-Өмнөх парламент ёсчлон батлаагүй гэдэг асуудлаар эдгээр хуулиуд ийм байдалд ороод байна.Үнэхээр ёсчлон батлах боломж байгаагүй юм уу?

-Монгол Улсад ойрын 100 жилдээ хийгдээгүй байсан хүний шинэчлэл бол энэ. Анх удаагаа хуулийнхаа системийг өөрчлөн дэлхийн ардчилсан нээлттэй улс орнуудын түвшинд хүргэж чадсан. Нийтдээ мянгаад санал хураалт хийж баталсан маш том хууль бөгөөд олон арван цагийн хэлэлцүүлэг өрнүүлж засвар нэг бүрийг нарийвчлан тулгах техник ажиллагаа ч ихтэй байсан. Эцсийн найруулга сонсож, ёсчлон батлах ажил сунжирч байхад УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулж хаврын чуулган завсарлаад, ингээд л эцсийн найруулгаа сонсож амжаагүй. Тэгэхдээ үргэлжлүүлээд дараагийн парламент нь хэлэлцүүлгээр оруулж ёсчлон баталж болох байхгүй юу. Гэсэн ч зүгээр л эд нар энэ хуулийг байхгүй болгохыг л хүсч байгаа юм. Энэ хуулиудыг хэрэгжүүлэхгүй байх, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болгоод төрөө мухардалд оруулаад байна. Энэ бол маш хортой. Шинэ Эрүүгийн хууль гарснаар олон хүний одоо үүрч яваа ял шийтгэл хэрэг биш болно. Энэ нь өөрөөр хэлбэл, хууль нь эзнээ олдог, хуулийн цээрлэл жинхэнэ очих ёстой хүндээ очдог ийм тогтолцоо анх удаагаа Монгол Улсад нэвтрэх байсан гэсэн үг. Ийм том эрхзүйн дэвшлээс ухарч байна л даа.

-Эрүүгийн хуулийн шинэчлэл өнгөрсөн дөрвөн жилд хийгдсэн хамгийн том шинэчлэл байсан гэж МАН-аас тухайн үед энэ хуулийн ажлын хэсэгт багтсан гишүүд ч сүүлд нь ярьж байсан. Гэсэн хэдий ч одоо байдал өөрчлөгдчихлөө?

-Тиймээ, энэ хуулийн ажлын хэсэгт МАН-ын нөлөө бүхий гишүүд орсон байсан, тэд одоо ч парламентад сууж байгаа. Гэтэл Засгийн газар нүдэн дээр нь тэдний гар бие оролцсон том ололтоос ухарч байхад юу ч хэлэхгүй байна. Дургүйд хүчгүй гэгчээр хэдхэн хуулийнхаа эцсийн найруулгыг сонсчихож чадахгүй, асуудлыг засаад цааш нь аваад явахын оронд хойшлуулах, болиулах ийм бодлого барьж байгаа нь харамсалтай. Тэгээд ч Эрүүгийн хуулийг одоогийн хүчин төгөлдөр байцаан шийтгэх хуулийн хүрээнд хэрэглэж болно. Үүний цаана нам, улс төрийн эрх ашиг хөндөгдөхөөс илүү олон иргэдийн хүний эрхийн асуудал хөндөгдөж байгааг эдгээр хүмүүс ойлгохгүй байна. Наад зах нь гэхэд хүнийг хугацаагүй хорьдог, хугацаагүй хэрэгт холбогдуулдаг, дуртай үедээ хэрэг нээж, хаадаг дур зоргын асуудлыг таслан зогсооно. Хэргийг улс төрийн болон хувийн зорилгоор ашигладаг, өш хонзонгоор тооцоо хийдэг, арилжаа наймааны хэрэгсэл болгодог, хүнийг залхаан цээрлүүлж, хорьж, цагдаж байж хэрэг хүлээлгэх замаар, хүчирхийлэх аргаар хүний эрхэнд халдаж хуулийн үйл ажиллагаа явуулдаг байсан хуучны тогтолцоог жинхэнэ утгаар нь халж чадсан маш том дэвшилтэт хуулиас ухарч байна гэдгийг дахин онцлоё.

-Хуулийг сурталчлах зэрэг бэлтгэл ажлыг хангахад ийм олон сарын хугацаа анхнаасаа хэрэгтэй байсан уу?

-Энэ хуулийг олон нийтэд сурталчилгаагүй байна, хуулиа ёсчлоогүй байна гэж байгаа. Уг нь энэ хууль шиг сайн сурталчлагдсан хууль байхгүй. Бүх хууль дүрэм, журам бэлэн гэдгийг ажлын хэсгийнхэн хэлсэн. Тэгээд ч манай хуульчид мэргэжлийн хүмүүс, шүүгч, прокурорууд Эрхзүйн холбогдох хуулиудаа гарын таван хуруу шигээ мэддэг мэргэжлийн хуульчид байдаг тул шинэ хуулиа онолын дагуу хэрэглээд явахад учир дутагдал байхгүй. Ганцхан хуулиа ёсчлоод явахад л болох байсан. Би сая хэллээ, Эрүүгийн хуулийг одоогийн хүчин төгөлдөр байцаан шийтгэх хуулийн хүрээнд хэрэглэж болно гэж. Энэ нь юу гэж байна гэхээр Шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэг бус гэж тооцсон үйлдэлд шийтгүүлсэн ялтныг шүүх одоогийн процессын дагуу шүүх хурлаа хийгээд чөлөөлөх ёстой. Шинэ хуулиар ял нь хөнгөрсөн ялтны ялыг мөн шүүх хурлаа хийгээд ялыг нь багасгах ёстой. Мөн одоо мөрдөн байцаалтад байгаа боловч шинэ Эрүүгийн хуулиар хэрэг бусад тооцогдсон үйлдэлд холбогдсон хүмүүсийн хэргийг прокурор хэрэгсэхгүй болгох ёстой. Хүний эрхийг дордуулсан, хуулийг парламент баталж болохгүй, эс тэгвээс Үндсэн хууль зөрчигдөхөд хүрнэ. Манай улсын Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хуульзүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн байдаг. Тэгэхээр иргэдийнхээ саналыг авч төрийн эрхэнд гарч ирсэн эрх баригчид маань иргэнийхээ өмнө үүргээ хүлээж ажиллах л ёстой.

Эх сурвалж: Өглөөний сонин /2016.9.07/


Үүсгэсэн: 2016-09-22 22:55
Мэдээллийг ачааллаж байна ..