“Тал нутгийн Монгол” марафон гүйлтийн 20 дахь удаагийн тэмцээн амжилттай явагджээ

Хамаарах огноо: 2016-09-05 00:00

“Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн 20 дахь удаагийн тэмцээн 2016 оны есдүгээр сарын 04-ний өдөр Хүй долоон худагт зохион байгуулагджээ. Энэхүү тэмцээнийг анх 1996 онд Япон улсын иргэн Фужавара болон Күн Аяа нарын анхлан санаачилж байсан түүхтэй аж.

Монголын тал нутгаар Япон болон бусад гадаад орнуудын гүйлт сонирхогчдыг, мөн Монгол улсын гүйгчид, спорт сонирхогчдыг өргөнөөр татан оролцуулах зорилготойгоор анх зохион байгуулагдаж байсан энэхүү марафон гүйлтийн тэмцээн эдүгээ 20 жилийн ойтойгоо золгож байна.

Тэмцээн өсвөр үе болон насанд хүрэгчдийн, ахмадын гэсэн гурван ангилалд явагдсан ба оролцогчид 3 км, 5 км, 10 км, 21 км-ын зайд уралдаж хамгийн холын зайд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчныг уламжлал ёсоор хурдан удмын даагаар шагнасан байна. Тэмцээнийг МХАХ, Японы элчин сайдын яам, Японы марафон гүйлтийн нийгэмлэг, Төв аймгийн ЗДТГ болон БТС-ын бусад байгууллагууд, их дээд сургуулиуд хамтран зохион байгуулсан ба ерөнхий ивээн тэтгэгчээр нь Хаан банк, Мобиком корпораци хамтран оролцжээ. Тэмцээнд нийтдээ 2500 гаруй хүн оролцсон байна.

“Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээний үеэр Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд: “Монгол улсын биеийн тамир, спортын хөгжил, хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэх үйлсэд “Тал нутгийн Монгол” тэмцээн жинтэй хувь нэмэр оруулж байгааг тодотгоод Монгол орны онгон байгаль, ард түмний соёл, зан заншил, ахуйг хилийн чанадад сурталчлах томоон үйл ажиллагаа болж байгааг онцолсон юм.

Тэмцээний үеэр Монголын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Болд, Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада, Хаан банкны гүйцэтгэх захирал Жон Бэлл, БТС-ын газрын дарга Ц.Шаравжамц нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж оролцсон байна. Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс хагас марафон гүйлтэд түрүүлсэн ялагчид 11 сард Япон улсад зохион байгуулагдах “Фүжисан” марафон тэмцээнд оролцох урилга гардуулсан ба тэмцээний өдрийг оролцуулаад 4 өдрийн аяллын зардлыг Япон талаас хариуцахаар болсон байна.


Үүсгэсэн: 2016-09-22 22:53
Мэдээллийг ачааллаж байна ..